Чингэлтэй дүүргийн 57 дугаар сургуулийн дүрэм

 

БАТЛАВ                                                                                                  ХЭЛЭЛЦСЭН

Сургуулийн зөвлөлийн...... оны .....                          Багш нарын зөвлөлийн  ....оны......сарын   

сарын өдрийн хурлаар                                              ...... өдрийн хурлаар                

 

Сургуулийн дүрэм

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1 Сургуулийн нэр : Нийслэлийн тэргүүний 57-р бүрэн дунд сургууль

1.2 Сургуулийн хаяг: Чингэлтэй дүүрэг 11-р хороо

1.3 57-р сургууль нь боловсролын стандартаар тогтоосон бага, суурь, бүрэн дунд түвшний боловсрол эзэмшүүлэх өдрийн сургалтын хэв шинжтэй сургалтын байгууллага юм.

1.4 Сургууль нь үйл ажиллагаандаа Боловсролын талаарх төрөөс баримтлах бодлого Боловсролын тухай хууль , Бага, дунд боловсролын тухай, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай, Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн тухай, Гэр бүлийн тухай хууль, Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай тухай хууль, Шилэн дансны тухай хууль болон Зөв монгол хүүхэд үндэсний хөтөлбөр холбогдох бусад хууль тогтоомжийг баримтлан ажиллахаас гадна энэхүү дүрмийг баримтлан ажиллана.

1.5 Ерөнхий боловсролын сургууль (цаашид “Сургууль” гэх)-ийн үйл ажиллагааны үндсэн зорилт, чиг үүргийг хэрэгжүүлэх нийтлэг зарчим, бүрэн эрх, бусад байгууллага, иргэдтэй харилцах хэм хэмжээг тодорхойлж, сургуулийн үйл ажиллагааг зохицуулахад энэхүү дүрмийг баримтална.

Хоёр. Сургуулийн эрх үүрэг, сургалтын үйл ажиллагаа

2.1 Сургуулийн эрх, үүрэг

2.1.1 Сургууль нь Боловсролын тухай хууль, Бага дунд боловсролын тухай хууль хуульд заасан чиг үүргээс гадна дараах эрх үүргийг хэрэгжүүлнэ.

2.1.2 Сургууль нь бие даасан хуулийн этгээд байх бөгөөд зохих журмын дагуу үйлдсэн албан бичгийн хэвлэмэл хуудас, тамга, тэмдэг хэрэглэх ба өөрийн бэлгэдэлтэй байж болно.

2.1.3 Сургуулийн үйл ажиллагаанд холбогдох статистик, бүртгэл мэдээллийг бүрэн хөтөлж, ангийн журнал, суралцагч, төгсөгчдийн сурлагын дүн, боловсролын баримт бичиг нөхөн олголтын материал болон санхүүгийн тайланг архивт цаасан болон цахим хэлбэрээр 15 жил хүртлэх хугацаанд хадгална.

2.1.4 Сургуулийн үйл ажиллагаатай холбоотой хуулиар хориглоогүй аливаа мэдээллийг суралцагч, эцэг, эхэд үнэ төлбөргүй өгч, мэдээллийн ил тод, нээлттэй байдлыг ханган ажиллана.

2.1.5 Сургууль нь хүүхдийн эрхийг дээдэлсэн, ардчилал, шударга ёс, ил тод байдал, хамтын удирдлагын зарчимд тулгуурлан үйл ажиллагаагаа зохион байгуулах ба хүүхэд хамгааллын тусгайлсан бодлого, дэд хөтөлбөрүүдийг боловсруулан мөрдөж ажиллана.

2.1.6 Сургууль нь сургалтын үйл ажиллагааг зохион байгуулах эрүүл орчин, аюулгүй байдлын талаарх стратеги төлөвлөгөөг боловсруулан мөрдөж ажиллана.

2.1.7 Сургууль нь сурагчдын зөвлөл болон, хүүхдийн оролцооны байгууллагуудыг дэмжин ажиллана.

2.1.8 Сургалтын үйл явц, чанар, үр дүнд өөрийн үнэлгээ өгөх чиг үүрэг бүхий багш, суралцагч, эцэг эх , төрийн ба төрийн бус байгууллагын төлөөллөөс бүрдсэн хяналт-шинжилгээний баг ажиллуулж болно.

2.1.9 Сургууль суурь боловсрол эзэмших насны хүүхдийг сургууль завсардуулахгүй сургах, сургууль завсардсан хүүхдийг сургуульд буцаан суралцуулах ажлыг харъяа хорооны нийгмийн ажилтантай хамтарч зохион байгуулна.

2.1.10 Сургуулийн удирдлагын мэдээллийн системийг бүрдүүлж, мэдээллийн нууцлал, аюулгүй ажиллагааг ханган ажиллана.

2.1.11 Сургууль нь хамран сургах тойргийнхоо суурь боловсрол эзэмших насны хүүхдийн судалгааг жил бүр шинэчлэн гаргах, суралцагчийг элсүүлэх ажлыг нээлттэй зохион байгуулах ажлын аргачлалыг тодорхой тусгана

2.1.12 Суурь, бүрэн дунд боловсрол эзэмшсэн төгсөгчдөд боловсролын баримт бичиг /гэрчилгээ, үнэмлэх/, сурагчийн хувийн хэргийг хүндэтгэлтэйгээр гардуулах төгсөлтийн баярын арга хэмжээг зөвхөн 12 дугаар ангид зохион байгуулах бөгөөд 1-р ангийн үсэглэлийн баярыг тайлант уншлага хэлбэрээр зохион байгуулна.

2.1.13 Сургууль эцэг эхийн зөвлөлтэй байх бөгөөд эцэг эхийн зөвлөлийн дүрмийг нийт

эцэг эхийн хурлаар баталж мөрдөнө.

2.1.14 Сургууль энэхүү дүрмээс гадна дараах дүрэм журам, зааврыг боловсруулна.

Үүнд: Сургуулийн дотоод журам, хамтын гэрээ, заах аргын нэдэл секцийн ажиллах журам, багш нарыг үнэлж дүгнэх журам , тэргүүний сурагч анги хамт олон шалгаруулах журам, жижүүр багшийн ажиллах журам, өргөдөл гомдол хүлээн авах шийдвэрлэх журмыг хамт олны хурлаар хэлэлцүүлэн мөрдөж ажиллана.

2.2 Сургалтын үйл ажиллагаа

2.2.1 Сургалтын үйл ажиллагаанд хүчин төгөлдөр үйлчилж буй бага боловсролын шинэчилсэн цөм хөтөлбөрийг хэрэгжүүлэх суурь, бүрэн дунд боловсролын стандарт, боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас баталсан сургалтын талаар баримтлах бодлого, сургалтын төлөвлөгөө, хөтөлбөр, хичээлийн жилийн бүтэц, зорилго зорилтыг баримтлан ажиллана.

2.2.2 Сургалтын үйл ажиллагаа нь суралцагчийн эрхийг хүндэтгэсэн, бие даан бүтээлчээр суралцах, үйл явцыг дэмжсэн, нас, бие, сэтгэхүйн хөгжлийн онцлогийг харгалзан, суралцагчдад суралцах боломжийг адил тэгш олгосон байна.

2.2.3 Сургалтын ажил нь хичээл, хичээлээс гадуурх үйл ажиллагаа, амьдрах ухааны чадварт суралцах үйл ажиллагаанаас бүрдэнэ. Сургууль хичээлээс гадуурх үйл ажиллагааны график төлөвлөгөөг хичээлийн жилийн эхэнд боловсруулж ажиллана.

2.2.4 Бага, дунд боловсролын стандарт, сургалтын хөтөлбөрт нийцүүлэн өөрийн онцлогийг тусгасан сургуулийн сургалтын хөтөлбөр боловсруулж мөрдөж болно.

2.2.5 Долоо хоногт орох хичээл, тэдгээрийн дэс дарааллыг зохицуулах ба сургалтын төлөвлөгөөнд нийцүүлэн хичээлийн хуваарийг зохиож, баталгаажуулан мөрдөнө.

2.2.6 Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас тогтоосон нэг цагийн хичээлийн үргэлжлэх хугацааг сургалтад мөрдөх ба хичээл хоорондын завсарлагааны үргэлжлэх хугацааг 5-10 хүртэл минут байхаар зохион байгуулж ажиллана.

2.2.7 Суралцагчийн авьяас, чадварыг хөгжүүлэх, сонирхлыг дэмжих зорилгоор, сонгон суралцах хичээл, секц, дугуйлан зохион байгуулж ажиллах.

2.2.8 Сургалтын үйл ажиллагаанд мэдээллийн технологи, сургалтын материал, хэрэглэгдэхүүний цахим сан, бусад програм хангамж ашиглах нөхцөлийг бүрдүүлж, тэдгээрийн эрүүл ахуй, аюулгүй байдлыг ханган ажиллана.

2.2.9 Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас баталсан журамд нийцүүлэн суралцагчийн эзэмшсэн мэдлэг, чадварын ахиц амжилтыг сургалтын явцад, анги дэвших, сургууль төгсөхөд нь үнэлж дүгнэх болон сурлагын амжилтын дотоод хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх график, төлөвлөгөөтэй байна.

2.2.10 Сургуулийн гадаад, дотоод орчин, сургалтын тоног төхөөрөмж, техник хэрэгсэл, бодис сурвалж, хэрэглэгдэхүүний хадгалалт, хамгаалалт, аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг хангаж ажиллана.

2.2.12 Сургалтын үйл ажиллагааг кабинетийн системээр зохион байгуулах, гэрчилгээтэй кабинетийг сургалтын үйл ажиллагаанд бүрэн ашиглах.

Гурав. Сургуулийн удирдлага, бүтэц, зохион байгуулалт

3.1 Сургууль нь удирдлага,бүтэц, зохион байгуулалтын хувьд: Сургуулийн зөвлөл, багш нарын зөвлөл, сурагчийн зөвлөл, заах аргын нэгдэл, секц гэсэн бүтэцтэй байх бөгөөд сургуулийн өөрийн удирдлагыг сургуулийн зөвлөл, захиргааны удирдлагыг захирал, мэргэжил арга зүйн удирдлагыг багш нарын зөвлөл, заах аргын нэгдэл эрхэлнэ.

3.2 Сургуулийн зөвлөлийн эрх, үүрэг

3.2.1 Сургууль нь сургуулийн зөвлөлтэй байх бөгөөд зорилго нь сургуулийн хөгжлийн бодлого, хөтөлбөрийг боловсруулж хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, сургуулийн дотоод дэг журам, зохион байгуулалтын хэлбэрийг тодорхойлох, сургууль болон захирлын үйл ажиллагаанд хөндлөнгийн хяналт тавих, үнэлэлт, дүгнэлт өгөх, зөвлөн туслах, сургалтын ажлын чанар, түвшинг сайжруулах санал боловсруулах, багш, суралцагч, ажилтны эрх ашгийг хамгаалахад оршино.

3.2.2 Сургуулийн зөвлөл нь багш, ажилтан, сурагч, эцэг эх, болон бусад байгууллагын төлөөлөл бүхий 9-11 хүний бүрэлдэхүүнтэй байна. Зөвлөлийн дарга, нарийн бичгийн даргыг нийт хамт олны хурлаас сонгоно.

3.2.3 Сургуулийн зөвлөл нь сургууль хөгжүүлэх хөтөлбөр, стратеги төлөвлөгөөг боловсруулана. Сургууль хөгжүүлэх хөтөлбөрт үндэслэн тухайн жилийн үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулж мөрдөнө.

3.2.4 Боловсролын үйлчилгээг хэвийн, тогтвортой явуулах нөхцөлийг хангасан зохион байгуулалтын бүтцийн нэгжтэй байх бөгөөд бүтцийн нэгжийг сургуулийн зөвлөл тогтооно.

3.2.5 Зөвлөл нь улирал тутам хуралдан захирлын ажлын тайланг сонсож үйл ажиллагаанд үнэлэлт дүгнэлт өгнө.

3.2.6 Сургуулийн зөвлөлийн бусад үйл ажиллагаа нь дүрмээр зохицуулагдана.

3.3. Багш нарын зөвлөлийн эрх, үүрэг

3.3.1 Сургуулийн багш нарын зөвлөл (цаашид зөвлөл гэнэ) нь сургуулийн болон сургалтын технологийн хөгжил, түүнтэй холбогдсон байгууллагын дотоод харилцааг зохицуулах асуудлыг шинжлэн мэргэжлийн санал дүгнэлт, зөвлөмж гаргах үүрэг бүхий сургуулийн өөрийн удирдлагын мэргэжлийн зөвлөх байгууллага мөн.

3.3.2 Зөвлөлийн үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь багш нарын зөвлөгөөний хурал байна.Багш нарын зөвлөгөөний хурлыг жилд 4 удаа шаардлагатай тохиолдолд ээлжит бус хуралдааныг зохион байгуулана.

3.3.3 Зөвлөлийн бүрэлдэхүүнд захирал, сургалтын менежер,нийгмийн ажилтан, багш нар орно. Зөвлөл нь дарга, нарийн бичгийн даргатай байна. Зөвлөлийн дарга нь сургуулийн захирал, нарийн бичгийн дарга сургалтын менежер байна.

3.3.4 Сургуулийн хөгжлийг тодорхойлох, сургалтын ажлын удирдлага, зохион байгуулалтыг боловсронгуй болгох, сургуулийн хамт олны нийгмийн асуудал, аж ахуй, санхүүгийн үйл ажиллагаатай холбоотой асуудлаар санал дэвшүүлэх, багш, сурагчийг үнэлж дүгнэх, удирдах дээд байгууллагын шагналд тодорхойлохоор нэр дэвшүүлж, санал гаргах.

3.3.5 Сургалтын явцын болон анги дэвших шалгалтын төрөл, агуулга, арга хэлбэр, хугацааг хэлэлцэн товлох, улсын шалгалтын комисст нэр дэвшүүлэх, сургалтын төлөвлөгөө, хичээлийн хөтөлбөр, элсэлтийн журмын төслийг хэлэлцэн санал, дүгнэлт гаргах.

3.3.6 Суралцагчдыг анги дэвшүүлэх болон алгасуулан суралцуулах, улируулах, сургууль төгсөх, сургуулиас хасах мэргэжлийн санал, зөвлөмж гаргах, сургуулийн удирдах ажилтны ажлын тайланг хэлэлцэж, ажилд нь үнэлэлт дүгнэлт өгөх.

3.3.7 Сургуулийн дүрэм, заах аргын нэгдлийн журам, эцэг эх, суралцагчдын байгууллагын дүрэм, суралцагчдын мэдлэг чадвар, төлөвшлийг үнэлж дүгнэх дотоод журам,  хичэээлийн хөтөлбөр, хичээлээс гадуурхи сургалтын ажлын хөтөлбөр, багш нарын ажлыг үнэлж дүгнэх, мэргэшлийн зэрэг олгох дотоод журам, багш нарын мэргэжил дээшлүүлэх төлөвлөгөө, хөтөлбөр зэргийг хэлэлцэн батална.

3.3.8 Хичээлийн шинэ жилийн бэлтгэл, сургалтын ажлын тайлан зэргийг хэлэлцэн зөвлөх,сургалтын дэвшилтэд технологийг багш нарын үйл ажиллагаанд нэвтрүүлэх ажлыг зохион байгуулах, заах аргын нэгдлийн үйл ажиллагааг үнэлж дүгнэх .

3.3.9 Багш нарын зөвлөлийн бусад үйл ажиллагаа нь дүрмээр зохицуулагдана.

3.4 Заах аргын нэгдлийн эрх, үүрэг

3.4.1 Заах аргын нэгдэл , секц нь багш нарын мэргэжил, заах аргын ур чадварыг дээшлүүлэх, ээлжит хичээлийн бэлтгэл хангах, хамтын ажиллагааны төв мөн.

3.4.2 Сургууль нь өдөр тутмын үйл ажиллагаагаа багш нарын заах аргын нэгдэл,хичээлийн төрлөөр анги бүлгээр зохион байгуулана.

3.4.3 Заах аргын нэгдэл нь анхан шат, байгалийн ухаан, хүмүүнлэгийн ухааны, гоо зүй гэсэн нэгдлүүдтэй байна.

Анхан шатны заах аргын нэгдэл нь: 1-р анги, 2-р анги, 3 –р анги 4-р анги, 5-р анги гэсэн секцүүдтэй байна.

Хүмүүнлэгийн ухааны заах аргын нэгдэл нь: монгол хэл уранзохиол, гадаад хэл, түүх нийгмийн ухаан гэсэн секцүүдтэй байна.

Байгалийн ухааны заах аргын нэгдэл нь: математик мэдээлэлзүй, байгалийн ухаан / хими, физик, биологи, газарзүй/, гэсэн секцүүдтэй байна.

Гоо зүйн заах аргын нэгдэл нь: биеийн тамир, дуу хөгжим, технологи гэсэн секцүүдтэй байна.

3.4.4 Заах аргын нэгдэл багш нарыг мэргэжил арга зүйн удирдлагаар хангах ажлыг зохион байгуулна.

3.4.5 Заах аргын нэгдэл нь багш нарын ажлын үр дүнг үнэлэн, үр дүнгийн урамшуулалыг олгох хувийг тогтооход санал өгнө.

3.5 Сургуулийн захирлын эрх, үүрэг

3.5.1 Сургуулийн захиргааны удирдлагыг захирал хэрэгжүүлнэ. Захирал Бага, дунд боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлд заасан нийтлэг эрх, үүрэг болон ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргийг хэрэгжүүлэхээс гадна дараах эрх үүргийг хэрэгжүүлнэ.

3.5.2 Захирал нь сургалтын үйл ажиллагааг удирдах, сургалтын эрүүл аюулгүй орчинг бүрдүүлэх, боловсролын стандартыг хэрэгжүүлэх үйл ажиллагааг хариуцна.

3.5.3 Захирал нь холбогдох хууль тогтоомж болон эрх бүхий байгууллагаас баталсан шийдвэрт нийцүүлэн сургуулийн үйл ажиллагааг зохицуулах дүрэм, журам, зааврыг боловсруулан багш нарын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн баталж мөрдүүлж ажиллана.

3.5.4 Захирал сургуулийн өөрийн удирдлага, багш нарын зөвлөл, заах аргын нэгдлийн үйл ажиллагааны уялдаа холбоог хангахад дэмжлэг үзүүлж, шийдвэр гаргахад тэдний оролцоог хангаж ажиллана.

3.5.5 Захирал албан тушаалын бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ улс төр, эдийн засаг, шашны аливаа нөлөөлөлд орохгүй, багш, ажилчид, суралцагчдын эрх ашгийг эрхэмлэн ажиллана.

3.5.6 Захирал авлигын эсрэг хууль тогтоомжийг чанд мөрдөж, албан үүрэгтэй холбоотой аливаа үйл ажиллагаанд ашиг сонирхлын зөрчилгүй ажиллаж, сургуулийн батлагдсан төсөв, өмч хөрөнгийг зориулалтын дагуу зарцуулна.

3.5.7 Захирал нь сургалтын менежер, нийгмийн ажилтны ажлын байрны тодорхойлолтод тавигдсан шаардлага хангасан ажилтныг орон нутгийн боловсролын байгууллагатай зөвшилцөн томилно.

3.5.8 Захирал нь Нийслэлийн Засаг даргын 2013 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн А/1086 дугаар захирамжаар баталсан өргөдөл, санал гомдлыг шийдвэрлэх журмын дагуу хүлээн авч судлан шийдвэрлэнэ.

3.5.9 Захирал нь бүрэн эрхээ хэрэгжүүлэх, захиргааны шуурхай удирдлагыг хангах, холбогдох асуудлаар шийдвэр гаргахад зөвлөгөө өгөх чиг үүрэг бүхий захирлын дэргэдэх зөвлөлийг ажиллуулж болно.

3.5.10 Заах аргын нэгдэл секцийн ахлагч, анги, кабинет дугуйлан секц удирдах багш нарыг багш нарын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн баталж ажиллах журмыг тушаалаар баталж мөрдүүлнэ.

3.5.11 Захирал нь тухайн орон нутгийн боловсролын байгууллагаас гаргасан дүрэм журам, зөвлөмжийн хэрэгжилтийг хангаж ажиллах, тайлагнах.

3.5.12 Захирал нь гамшгийн үеийн бэлэн байдлыг хангах, гамшгаас хамгаалах ажлын алба зохион байгуулж ажиллана

3.5.13 Захирал нь ажлаа сургуулийн зөвлөлд улирал бүр тайлагнаж, санал зөвлөмжийг тусган ажиллана.

3.5.14 Захирал нь багш нарын зөвлөлийн хурлаас гарсан шийдвэрийг баталгаажуулах хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулна.

3.5.15 Захирал нь ажлын байрны шаардлага хангасан ажилтныг сонгон шалгаруулалтаар авч ажиллуулна.

3.6 Сургалтын менежерийн эрх, үүрэг

3.6.1 Сургалтын менежер нь ажлын байрны тодорхойлолт болон захиралтай байгуулсан хөдөлмөрийн гэрээнд заасан чиг үүргийг дагуу багш нарыг мэргэжил арга зүйн удирдлагаар ханган сургалтын өдөр тутмын үйл ажиллагааг удирдана.

3.6.2 Багш нарыг үндсэн болон төрөлжсөн сургалтад хамруулах замаар мэргэжлийг нь дээшлүүлж, ажлын байрандаа хөгжих нөхцөл бололцоог бүрдүүлнэ.

3.6.3 Сургалтын менежер боловсролын стандарт, сургалтын төлөвлөгөө, хөтөлбөрийг сургуулийн түвшинд хэрэгжүүлэх нэгж хичээлийн чанар, үр өгөөж, стандартын биелэлтэд хяналт тавьж багшид мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх, дэмжлэг үзүүлэх, хамтран ажиллах замаар сургалтын чанарыг сайжруулах ажлыг хариуцан зохион байгуулах

3.6.4 Сургалтын менежер багш нарын анги даалт, хичээлийн хуваарь, жижүүр багшийн хуваарийг хийж хяналт тавьж ажиллана.

3.7 Багшийн эрх, үүрэг

3.7.1 Сургуульд Бага, дунд боловсролын тухай хуулийн 12.6 дахь хэсэгт заасан багш(цаашид Багш гэх) багшлах эрхтэй болон багшаар ажиллах эрхийн үнэмлэхтэй байна.

3.7.2 Багш нь ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргийг сургуулийн захиралтай байгуулсан хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр гүйцэтгэнэ. Багш нь сургуулийн үйл ажиллагаанд мөрдлөг болгох хууль, дүрэм журам, багшийн ёс зүйн дүрмийг үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ажиллана.

3.7.3 Багш нь Боловсролын тухай хуулийн 44 дүгээр зүйл ,Бага дунд боловсролын тухай хуулийн 22 дугаар зүйл, ажлын байрны тодрхойлолтод заасан эрх үүргээс гадна дараах эрх үүргийг хэрэгжүүлнэ.

3.7.4 Суралцагчдыг ялгаварлан гадуурхахгүй байх, нэр төрийг нь хүндэтгэн хамгаалах суралцагч бүрийн онцлог байдлыг хүлээн зөвшөөрч хүнлэг харьцах, өөрөө өөрийгөө хөгжүүлэх, бие хүн болж төлөвшихөд туслалцаа үзүүлэх, суралцагчийн бие даасан байр суурь, үзэл бодолд хүндэтгэлтэй хандана.

3.7.5 Суралцагчдын хүмүүжил, төлөвшилд анализ хийх, зөвлөх, сурагчдыг судлах оношлох, төлөвлөгөө гаргаж ажиллана.

3.7.6 Суралцагч болон түүний эцэг, эх, асран хамгаалагчид шаардлага тавих, зөвлөгөө өгөх хүүхдийн хөгжлийн талаарх мэдлэг мэдээлэл хүргүүлэх , хүүхэдтэй ажиллах арга зүйг сайжруулахад туслах, энэ талаарх сургалтыг зохион байгуулах.

3.7.7 Багш нь анги удирдах, жижүүр багшаар ажиллах, хичээлээс гадуурх дугуйлан секц хичээллүүлэх, хүүхдийн оролцооны байгууллага удирдан ажиллуулах, заах аргын нэгдэл секцийн багш нартай хамтран ажиллах удирдах, олимпиад, уралдаан тэмцээн зохион байгуулах, оролцох, илтгэл, ном, гарын авлага, зөвлөмж боловсруулах өөрийн мэргэжил ур чадвараа тогтмол дээшлүүлэх үүрэгтэй.

3.7.8 Багш нь ажиллах орчин нөхцөл, сургалтын хэрэглэгдэхүүн гарын авлагаархангуулах, сургалтын үйл ажиллагаа, суралцагч эцэг эх асран хамгаалагч болон, бусад асуудлаар санал хүсэлтээ гаргах, сургуулийн захиргаа болон холбогдох шатны байгууллагаар шийдвэрлүүлэх эрхтэй.

3.7.9 Багш нь жижүүр багшаар ажиллах, сургууль дээд шатны байгууллагаас зохион байгуулсан үйл ажиллагаанд оролцох үүрэгтэй.

3.8 Сургуулийн нийгмийн ажилтны эрх, үүрэг

3.8.1 Сургуулийн нийгмийн ажилтан нь нийгмийн ажлын чиглэлээр боловсрол эзэмшсэн/Нийгмийн ажилтан мэргэжилтэй/, нийгмийн ажлын чиглэлээр сургалт эрхлэх тусгай зөшөөрөл бүхий 10-аас дээш кредит цагийн мэргэших сургалтад хамрагдсан ажилтан байна.

3.8.2 Сургуулийн нийгмийн ажилтан нь ажлын байрны тодорхойлолт, боловсролын нийгмийн ажилтны нийтлэг жишиг, сургуулийн захиралтай байгуулсан хөдөлмөрийн гэрээнд заасан эрх үүргийг хэрэгжүүлнэ.

3.8.3 Сургуулийн нийгмийн ажилтан нь хүүхдийн эрхийг хангахад чиглэсэн хүүхэд хамгааллын бодлого боловсруулах ,нийгмийн ажлын мэргэжлийн үйлчилгээг суралцагч, тэдний гэр бүлд үзүүлэх, хүүхэд хамгааллын хамтарсан багийн бүрэлдэхүүнд ажиллана.

3.8.4 Сургуулийн нийгмийн ажилтан нь хүүхдийг хөгжүүлэх үйл ажиллагааг, зохион байгуулах, хүүхдийн асуудлаар багшид зөвлөн туслах үүрэгтэй.

3.8.5 Сургуулийн нийгмийн ажилтан нь сургуулийн сурагчдын зөвлөлийг удирдах, сурагчдын болон хувь хүнтэй холбоотой асуудлаар анги удирдсан багш, сургуулийн захирал бусад холбогдох байгууллагатай хамтран ажиллах тайлбар дүгнэлт гаргах, холбон зуучлах үүрэгтэй.

3.8.6 Сургуулийн нийгмийн ажилтан нь ажиллах орчин нөхцөл, өрөө тасалгаа, сургалтын хэрэглэгдэхүүн гарын авлага сурах бичгээр хангуулах, сургалтын үйл ажиллагаа, суралцагч эцэг эх асран хамгаалагч болон, өөрт хамааралтай бусад асуудлаар санал хүсэлтээ гаргах, сургуулийн захиргаа болон холбогдох шатны байгууллагаар шийдвэрлүүлэх эрхтэй.

3.9 Сургуулийн эмчийн эрх, үүрэг

3.9.1 Сургуулийн эмч нь ажлын байрны тодорхойлолт, сургуулийн захиралтай байгуулсан хөдөлмөрийн гэрээнд заасан эрх үүүргийг хэрэгжүүлэхээс гадна дараах эрх үүргийг хэрэгжүүлнэ.

3.9.2 Сургуулийн хэв шинж, суралцагчийн тооноос хамаарч сургуульд эмч ажиллах ба эмч нь суралцагчдад эрүүл аж төрөх зан үйл төлөвшүүлэх, анги удирдсан багш, эцэг, эх, асран хамгаалагчтай хамтран суралцагчийн хувийн эрүүл мэндийг хамгаалах, дэмжих, халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх сургалт сурталчилгаа зохион байгуулах, багш, ажилтан, суралцагчдыг үзлэг шинжилгээнд хамруулах, бие бялдрыг чийрэгжүүлэх, сургуулийн орчны эрүүл ахуй, хоол, хүнс, ундны цэвэр усны аюулгүй байдалд хяналт тавих ажлыг хүүхдийн эрхийн чиг үүргийн хүрээнд хэрэгжүүлнэ.

3.9.3 Эмч нь хүүхэд, өсвөр үеийнхний эрүүл мэндийн талаар гарсан хууль тогтоомж, хөтөлбөр, норм, норматив, стандарт, удирдамжийг сургуулийн хэмжээнд мөрдүүлэх, хэрэгжилтийг зохион байгуулах, тайлагнах, холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажиллах үүрэгтэй

3.9.4 Сургуулийн эмч нь ажиллах орчин нөхцөл , өрөө тасалгаатай байх, сургалтын үйл ажиллагаа, суралцагч эцэг эх, асран хамгаалагч болон , өөрсддөө хамааралтай асуудлаар санал хүсэлтээ гаргах, сургуулийн захиргаа болон холбогдох шатны байгууллагаар шийдвэрлүүлэх эрхтэй.

3.9.5 Сургуулийн эмч нь сургуулийн өдөр тутам ариун цэврийн байгууламжийн эрүүл ахуйн байдалд хяналт тавьж ажиллах, сурагчдын үдийн цай хөтөлбөр хоол хүнсний аюулгүй байдалд хяналт тавьж ажиллана.

3.10 Нягтлан бодогчийн эрх, үүрэг

3.10.1 Сургуулийн нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичгийг боловсруулж, батлуулах.

3.10.2 Батлагдсан маягт, зааврын дагуу нягтлан бодох бүртгэл хөтөлж, санхүүгийн тайланг гаргах, сургуулийн удирдлага болон санхүүгийн тайлан хэрэглэгчдийг цаг хугацаанд нь үнэн, зөв мэдээллээр хангах ажлыг зохион байгуулах.

3.10.3 Нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримт, холбогдох бусад материалыг шаардан гаргуулах.

3.10.4 Эд хөрөнгийн тооллого хийх, үр дүнг шийдвэрлэх, бэлтгэн нийлүүлэгч, худалдан авагчтай тогтоосон хугацаанд тооцоо нийлж, үлдэгдлийг баталгаажуулж, баримтжуулах.

3.10.5 Эд хөрөнгө, өр төлбөрийн хүчин төгөлдөр бус баримтаар ажил гүйлгээг бүртгэхгүй байх.

3.10.6 Нягтлан бодох бүртгэлийн хууль тогтоомжид харшилсан шийдвэрийг биелүүлэхээс татгалзах.

3.11 Бусад ажилтан, албан хаагч

3.11.1 “Боловсролын туслах ажилтан” гэж бүх шатны боловсролын сургалтын байгууллагын нярав, тогооч, манаач, үйлчлэгч, мужаан, цахилгаанчин, слесарь, галч болон үйлчилгээний бусад ажилтан хамаарна.

3.11.2 Үйлчилгээний ажилчид нь сургалтын үйл ажиллагааг хэвийн явуулахад дэмжлэг үзүүлэх ба ажлын байрны тодорхойлолт чиг үүргийн дагуу сургуулийн захиралтай хөдөлмөрийн гэрээ байгуулж ажиллана.

3.11.3 Сургуулийн ажилтан албан хаагчтай холбоотой үйл ажиллагаа нь бусад эрхзүйн акт дүрэм журмаар зохицуулагдана.

Дөрөв . Суралцагчийн эрх, үүрэг

4.1 Суралцагч нь боловсролын тухай хуулийн 45 дугаар зүйлд заасан эрх үүргээс гадна дараах эрх үүргийг хэрэгжүүлнэ.

4.2 Суралцагч хичээлийн жилийн явцад өөр сургуульд шилжин суралцах тохиолдолд суралцсан хугацааныхаа сурлагын дүн, хөгжил төлөвшлийн тодорхойлолтыг хувийн хэргийн хамт сургуулийн захиргаанаас баталгаажуулан авна.

4.3 Сургуулийн орчинд бие махбод, сэтгэл санааны дарамт, хэл амаар доромжлуулах, ялгаварлан гадуурхагдах, аливаа хэлбэрийн хүчирхийллээс хамгаалуулах эрхтэй.

4.4 Суралцагч нь сургалтын хэрэглэгдэхүүн ном сурах бичиг, сургуулийн тодорхойлолт бусад үйлчилгээг үнэ төлбөргүй авах, секц дугуйлан хүүхдийн оролцооны байгууллага, хичээлээс гадуурх бусад үйл ажиллагаанд оролцох эрхтэй.

4.5 Сургуулийн дотоод үйл ажиллагаа, сурагчийн олон нийтийн ажилд өөрсдөө болон сурагчийн зөвлөлөөр дамжуулан оролцох, санал бодлоо чөлөөтэй илэрхийлэх, сургалтын үйл ажиллагаа, багш, ажилтнуудын харилцаа, ёс зүй, өөрсдийн холбоотой асуудлаар санал, хүсэлт, гомдол гаргах, анги удирдсан багш, сургуулийн захиргаа, эцэг эхийн зөвлөлөөр шийдвэрлүүлэх эрхтэй.

4.6 Суралцагч нь сургуулийн үйл ажиллагаанд үнэлэлт дүгнэлт өгөх, сургуулийн үйл ажиллагаа, зохион байгуулах ажилд саналаа тусгах эрхтэй.

4.7 Суралцагч нь бага, суурь, бүрэн дунд боловсролын сургалтын хөтөлбөрийн агуулгыг хугацаанд нь бүрэн эзэмших үүрэгтэй.

4.8 Суралцагч нь сургуулиас гарсан дүрэм журам шийдвэрийг биелүүлэх, сургуулиас зохион байгуулсан олон нийтийг хамарсан ажилд оролцох үүрэгтэй.

4.9 Суралцагч нь багш, суралцагч, эцэг, эх, асран хамгаалагчийн оролцоотой сонгосон дүрэмт хувцсыг хичээлийн цагт тогтмол өмсөх, сургуулиас олгосон ном сурах бичиг, хичээлийн хэрэглэгдэхүүн, эд хогшилд ариг гамтай хандах.

4.10 Суралцагч сургуулийн удирдлага багш ажилтан, сурагчдын тавьсан зүй ёсны шаардлагыг биелүүлэх, бусадтай соёлтой харилцах үүрэгтэй.

4.11 Суралцагч нь эцэг эх, анги удирдсан багш нартай байгуулсан гурвалсан гэрээний заалтыг биелүүлэх үүрэгтэй.

4.12 Суралцагч нь хичээлийн цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэх, хичээлийн цагт гар утас, цахим сүлжээг багшийн зөвшөөрөлгүй ашиглахгүй байх бусаддаа зүй ёсны шаардлага тавих үүрэгтэй.

4.13 Суралцагч хүндэтгэн үзэх шалтгааны улмаас 1 хоногийн чөлөөг анги удирдсан багшаас, 2-3 хоногийн чөлөөг сургалтын менежерээс, 3-аас дээш хоногийн чөлөөг сургуулийн нийгмийн ажилтан захирлаас авах, өвчилсөн тохиолдолд сургуулийн эмчээс чөлөө авах үүрэгтэй.

Тав. Эцэг эх асран хамгаалагчийн эрх, үүрэг

5.1 Эцэг эх асран хамгаалагч нь Боловсролын тухай хуулийн 46 дугаар зүйлд заасан эрх үүргийг хэрэгжүүлэхээс гадна дараах эрх үүргийг хэрэгжүүлнэ.

5.2 Сургуулийн материаллаг баазыг бэхжүүлэх, сургалт хүмүүжлийн ажил, чанар, үр дүнг сайжруулахад дэмжлэг үзүүлэх, сургуулийн эцэг эхчүүдийн хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор “Эцэг, эхийн зөвлөл”-ийг байгуулж, ажиллуулах эцэг, эхийн зөвлөлийн ажиллах журмыг нийт эцэг, эхчүүдийн хурлаар батална.

5.3 Сургуулийн үйл ажиллагаа, үйлчилгээний талаар үнэлгээ өгөх, сайжруулахын тулд өөрийн санал бодлоо илэрхийлэх, багш болон бусад ажилтнуудад зүй ёсны шаардлага тавих, хяналтыг зохих ёсоор хэрэгжүүлэх эрхтэй.

5.4 Эцэг, эхчүүд сургуулийн эцэг эхийн зөвлөл, удирдлага, анги удирдсан багш , эцэг эхчүүдтэй зөвшилцсөний үндсэн дээр хүүхдийг хөгжүүлэх, хүүхдийн сурч хүмүүжих таатай орчинг бүрдүүлэх зорилгоор тодорхой зохион байгуулалттай ажил, санхүүгийн дэмжлэг үзүүлэх талаар өөрийн санаачлагаар зохион байгуулах эрхтэй.

5.5 Сургуулийн үйл ажиллагаа багш, ажилтнуудын харилцаа, ёс зүй, үйлчилгээ,өөрийн хүүхэдтэй холбоотой асуудлаар санал, хүсэлт, гомдлыг гаргах эрхтэй төдийгүй эхний ээлжинд анги удирдсан багш, сургуулийн захиргаа, эцэг эхийн зөвлөлөөр шийдвэрлүүлэх эрхтэй.

5.6 Хүүхдийнхээ хөгжил, сурах үйл ажиллагаанд туслах мэдлэг, ур чадвар эзэмшихэд нь дэмжлэг туслалцаа үзүүлэх, тэдний сурсан зүйлийг улам бүр бататган хөгжүүлэхэд анхаарал тавих үүрэгтэй.

5.7 Эцэг эхчүүд сурагчдын дүрэмт хувцас, ном сурах бичиг , хичээлийн бэлтгэлийг хангах үүрэгтэй бөгөөд анги , сургууль хамт олны зүгээс зохион байгуулсан хурал болон бусад үйл ажиллагаанд тогтмол оролцох.

5.8 Эцэг, эх нь өөрийн хүүхдийн хувийн онцлог, хүүхдийн хөгжил, эрүүл мэнд, хүмүүжлийн байдлыг тогтмол хянаж, АУБ болон сургуулийн захиргаатай холбоотой ажиллах.

5.9 Эцэг эх нь сургуулийн үйл ажиллагааг, хүүхдийн хөгжил, сурч, хүмүүжих орчинг сайжруулах зорилгоор эд материал, санхүүгийн болон бусад дэмжлэг үзүүлэх.

5.10 Эцэг, эхийн хүлээх бусад нарийвчилсан эрх, үүргийг холбогдох хууль дүрэм, журмаар зохицуулна.

Зургаа. Санхүүгийн болон материаллаг нөөц

6.1 Сургууль нь Боловсролын тухай хуульд заасан эх үүсвэрээс санхүүжих бөгөөд батлагдсан төсөв, түүний зарцуулалт, ашиглалт, санхүүгийн тайланд хийсэн аудитын дүгнэлтийн талаар багш, ажилчид, суралцагч, эцэг, эх, олон нийтэд мэдээлж төсвийн ил тод байдлыг хангаж ажиллана.

6.2 Сургууль нь байгууллагын стратеги төлөвлөгөөнд нийцүүлэн санхүүгийн нөөцөө оновчтой хуваарилан байршуулж, төсвөө бодитой төлөвлөх, санхүүгийнгүйцэтгэлийн тайланг шаардлагын дагуу үнэн зөв гаргаж, холбогдох байгууллагуудад мэдээлж тайлагнана.

6.3 Сургуулийн материаллаг баазыг бэхжүүлэх /Урсгал болон их засвар, тоног төхөөрөмж/ төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлнэ.

6.4 Гадаад орнуудын ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудтай харилцан ашигтай ажиллах, хандив тусламжийн хөрөнгийг үр ашигтай зарцуулна.

6.5 Төсвийн тухай хуулийн дагуу үйл ажиллагааныхаа үр дүнг дүүргийн Засаг даргад тайлагнах, ажил үйлчилгээгээ дүгнүүлж байна.

6.6 Сургууль нь хичээлийн танхимаас гадна осол аюулгүйн болон эрүүл ахуйн дүрмийн дагуу тоноглосон хичээлийн төрөлжсөн кабинет, лаборатори, номын сан, уншлагын танхим, багш, хүүхэд хөгжлийн төв, биеийн тамирын зал, талбай, ногоон байгууламж, эмчийн өрөө, цайны газар /хоол, хүнсний үйлчилгээ/, захиргаа, аж ахуйн өрөө, тасалгаатай байна.

6.7 Сургууль нь холбогдох мэргэжлийн байгууллага баталгаажуулсан эдэлбэр газрыг биеийн тамир, хичээл туршлагын болон тоглоомын талбай байгуулах зэрэгт ашиглана.

6.8 Сургуулийн орчин дахь хоол, хүнс, ундны цэвэр ус, бие засах газрын эрүүл ахуй, аюулгүй байдлын баталгааг хангах, хөгжлийн бэрхшээлтэй суралцагчийн онцлогт нийцсэн дэд бүтэц, суралцах орчныг бүрдүүлж ажиллана.

Долоо . Хориглох зүйл, хүлээлгэх хариуцлага

7.1 Төсвийн тухай хуулийн 25.5-т заасны дагуу хандив, тусламж авах, мөн энэ хуульд заасныг зөрчиж, сургалтын зориулалтын эзэмшил газар, анги, танхим, талбай, тоног төхөөрөмж, хэрэглэгдэхүүнийг аливаа хэлбэрээр орлого олох үйл ажиллагаанд ашиглах

7.2 Сургуулийн удирдлага, багш, бусад ажилтан, суралцагч нь өөр хоорондоо сэтгэл санаа, эд материал, бие махбодын аливаа дарамт шахалт үзүүлэх, аливаа хэлбэрээр ялгаварлан гадуурхах, суралцагчийг өөр сургуульд шилжин суралцахыг шаардах зэргээр сургалтын үйл ажиллагаанаас завсардуулах, сургууль, багшийн зүгээс албан ёсны зөвшөөрөлгүй ном, гарын авлага, үзвэрийн билет, сонин сэтгүүл, цахим болон бичмэл материал, бараа бүтээгдэхүүнийг бусад зүйлийг зохион байгуулалттайгаар худалдан авахыг шаардах.

7.3 Багш сурагчид нь хичээл сургалтын үед гар утас хэрэглэх, хичээлийн цаг дээр сургалтаас бусад үйл ажиллагаа явуулахыг хориглоно.

7.4 Багш сурагчид сургуулийн орчинд хориотой вэб сайтад нэвтрэхийг хориглоно.

7.5 Сургуулийн удирдлага, багш, ажилтан, суралцагч нь хөдөлмөрийн гэрээ болон энэхүү дүрмээр хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн тохиолдолд холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээнэ.

 

 

 

Найм. Дүрмийг боловсруулан батлах, тайлагнах

8. Сургууль нь сургуулийн үлгэрчилсэн дүрмийн дагуу өөрсдийн онцлог хэрэгцээнд тулгуурлан багш, сурагч, сургууль, эцэг эхийн зөвлөлөөр хэлэлцүүлэн өөрийн сургуулийн дүрмийг нэгдсэн хурлаар баталж мөрдөж ажиллана.

8.2 Сургуулийн дүрмийг боловсруулах хэрэгжилтийг хангах ажлын хэсгийг сургуулийн багш ажилтан, албан хаагч, суралцагч, эцэг эхийн төлөөллийг оролцуулж сургуулийн захирлын тушаалаар байгуулна.

8.3 Дүрмийн хэрэгжилтийг жилд 1-2 удаа тайлагнах бөгөөд сургуулийн багш сурагчид эцэг эхийн нэгдсэн хурлаар хэлэлцүүлж дүгнүүлнэ.

 

Боловсруулсан: Ажлын хэсгийн ахлагч Д.Батдорж /СНА/

                            Ажлын хэсгийн гишүүд  Оюунцэцэг /сургалтын менежер/

                                                                                 М.Пүрэвжаргал /сургалтын менежер/

                                                                       З.Оюунчимэг /нягтлан бодогч/

                                                   Ж.Энхцэцэг /багш/

                                                                                   Б.Уранчимэг /Эцэг эхийн төлөөлөл/

                                                                                 Ц.Энхцэцэг /Эцэг эхийн төлөөлөл/

                     Лхагважаргал /10Г ангийн сурагч/

Санчирмаа/2А ангийн сурагч/ 


НИЙСЛЭЛИЙН ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 57 ДУГААР СУРГУУЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНДАА МӨРДӨЖ БАЙГАА ХУУЛЬЧингэлтэй дүүргийн 57 дугаар сургуулийн дүрэм
Хэрэглэгчийн хандалт
Яг одоо сайтад 3
Өнөөдөр зочилсон 5851
Энэ 7 хоногт 1237
Энэ сард 3570
Нийт зочилсон 161034

 Утас

Гар утас : 322670
Email : nt57school@gmail.com

 Хаяг

Чингэлтэй дүүрэг, 11 хороо
Нийслэлийн 57-р сургууль | e-School.mn 2016 он.       Хөгжүүлсэн: Cloudnetwork LLC